Гадаа нар мандсан хэдий ч тийм сайхан биш байх юм. Гадаа салхи салхилсан ч тийм ч сэрүүхэн биш юм. Энэ юуных вэ. Харь орны нар, салхи нь хүртэл миний эх орных шиг биш болохоор тэр ... Эх орны минь нар нь халуун ч надад таатай, салхи нь сэрүүхэн цээж дүүрдэг.
Монголоо санасан сэтгэл үүнийг үгүйлнэ. Хүний нутагт хөгжил дэвшил дунд амьдрах сайхан ч миний эх орон шиг байж чадахгүй болохоор л үүнийг бичиж сууна. Гадаадын улс орнуудад чадвартай, чадалтай олон олон аавын охид ээжийн хүү нар хар бор элдэв ажил хийн хэдэн бор төгрөгийн хойноос хөлсөө дуслуулан зүтгэж байх юм. Тэдэнд ч мөн адил эх орныхоо хээрийн сэрүүхэн салхийг цээж дүүрэн амьсгалах хүсэл байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэдгээр залуус маань монгол эх орондоо хэрэгтэй хүмүүс гэж би боддог юм. Яагаад гэвэл тэдний үзсэн дуулсан харсан, сурсан бүхэн нь эх орны минь ирээдүй, хөгжил дэвшилд хэрэгтэй. Монголын ирээдүй хойч үе, хөгжүүлэх гол цөм нь бидний залуучууд л байна.
Заримдаа бухимдах юм. Залуус маань эх орондоо эргэж очихгүй эндээ үлдэнэ гэхээр харуусах бас бухимдах сэтгэл төрөх юм. Тэд яагаад тэгж хэлэх болов. Эх орондоо очих хүсэл, тэмүүлэх сэтгэл нь яагаад байхгүй байгааг гайхаад ч барахгүй юм. Яагаад гэвэл эх орон нь өөрөө тэднийг урин дуудахгүй байна. Улс орныг минь удирдаж байгаа төрийн түшээд нь амин хувиа хичээгч эх орноо гэсэн сэтгэлгүй нэгэн байх. Ард иргэд нь зовж, тэдний нуруун дээр хүнд ачаа үүрэгджээ. Утаанаас өөр юмгүй Улаанбаатар минь хүртэл хоолой гашуун оргиулж байхад тэр ачааг очиж үүрэлцэн тийм орчин амьдрал сонирхол хүсэл энэ залууст алга. Тэдний сэтгэлийн гүнд эх орноо гэсэн бахархал, хүсэл тэмүүлэл байдаг ч тэрийг нь бадраах оч одоо ч гэсэн алга л байна. Эцэг өвгөдийн, эзэн Чингэсийн галтай цогтой халуун цус тэднээр, биднээр, надаар ч мөн адил гүйж л байгаа.
Бид монголоо хөдөлгөх, хөгжүүлэх залуус шүү дээ. Тйимээс бид эх орондоо харих хэрэгтэй.
Би гэртээ харина. Би эх орондоо хайртай. Би МОНГОЛ хүн.