Мартын 8 дөхлөө ... Ижиигээ санахуй.

Monday, March 5, 2012
Би өнөөдөр интернэтээс дүүгийнхээ бичсэн нэгэн бичлэгийг оллоо. Тэр үед ээж минь бидэндээ амьд сэрүүн байсан сан. Яагаад ч юм Мартын 8 дөхөөд ирэхээр ээжийгээ санаад байх юм. Хүний хорвоод төрүүлж өсгөж хүн гэдэг энэ эрхэм хувь зохиолыг бэлэглэсэн сайхан ээж минь энэ баяраар баярладаг байсан. Хүү нь танигаа энэ сайхан баярын өдрөөр нь баярлуулж байсан нь цөөхөн... Тийм ээ ээжээ хүү нь танигаа маш их санаж байна. Төрүүлж өсгөсөн 3 сайхан хүү чинь сайхан л явна. Та минь бид гуравыгаа хараад баярлаж байгаа даа. Дүүгийнхээ бичлэгийг уншаад таныгаа үнэхээр их саналаа. 


Миний дүүгийн бичсэн сэтгэлийн үгнүүд...


Ижийгээ хайрлаж яваарай

2009 оны 01-р сарын 10 Нийтэлсэн .
Сая эмнэлэг дээр ээжийгээ сахиж байгаад ирлээ. Өвдөж зовон царай нь муудсан ээжийгээ хараад биднийг л өдий зэрэгтэй хүн болгох гэж энэ шүү дээ гэж бодохоос өөрийн эрхгүй 2 нүднээс нулимс асгарсан. Уйлсан болоод ч тэр юмуу. Зөндөө их зүйлийг бодлоо. Олон ч зүйлийг ухаарах шиг. Ээжийгээ гомдоож санааг нь зовоож байсан мөчүүд минь нүдний өмнүүр харагдах нь бодохоос сэтгэл өмрөх. Ээжрүүгээ залгаад ярьсан минь цөөхөн дандаа л ээж маань надруу залгаад ажил нь яаж байна, хоолоо идсэн үү ? хэзээ ирэх вэ ? хаана явж байна гээд л надад санаа тавьж залгаж байхад би их төвөгшөөсөн байдалтай хариулдаг байсныг нь яаана. Ээжтэйгээ байхад орой ирэхэд аяга дүүрэн хоол тавьчихсан цай чанаад л миний хүү өлсөж байна уу гээд өгөхөд нь идчихээд л унтаад өгдөг байсан ... Ээждээ гараа гаргаж хоол хийж өгч байсан удаа ховор. Миний хүү мөнгөөр дутаж байна уу май гээд өгөхөд нь авчхаад бэлэг авч очсон удаа минь цөөхөн. Энэ бол эгэл жирийн өдөр тутмын амьдрал дээр болдог зүйлс. Ингээд л бодохоор ижийгээ гомдоосон мөчүүд хязгааргүй их. Ийм байсаар байтал надад хайртай хэвээр байдаг ийжийгээ бодохоор өөрийгөө зүхмээр санагдах юм. Ээж маань бидний төлөө хүнд хүчир ажил зөндөө хийж явсан хүйтэнд хөрч халуунд халж намайг гэж явсаар л одоо ийм өвчин тусчихсан зовж яваа хүн. Хүн хэлэхээс нааш хийхгүй цаас чичихээс нааш цоорохгүй гэдэг шиг би ээжийгээ ийм болсон хойно нь дотроо харамсаж байгаа нь би ер нь хүн үү эсвэл өрөвдөх сэтгэлгүй адгуус уу гэж өөрийгөө бодоход хүргэлээ. Яг үнэндээ би яг одоо ээжийнхээ төлөө юу ч хийж чадахгүй болохоор надад үнэхээр хэцүү байна. Хэрвээ би эмч байсан бол хэрвээ би шидтэн байсан бол гэж дэмий дотроо бодох. Бурханд залбиран ээжийг минь эдгээж өгөөч гэхээс өөр зүйл хийж чадахгүй байгаадаа харамсаж байна. Та энэ бичлэгийг уншиж дуусаад ээжрүүгээ заавал яриарай. Ээждээ хайртай гэж хэлээрэй. Ээжийгээ хайрлаж яваарай хүмүүсээ ...


Төрсөн өдрийн мэнд ээждээ

Эгнэгт нэгэн заяат энгүй сайхан ээж минь та
Эргэн хөрвөөх орчлонгийн нугачаан дунд
Ивээлт нарны илч болсон цацраг лугаа адил
Ижий тэнгэр болон бидэнд заяажээ

Өглөөний тунгалаг агаарт дүүлэн нисэх
Өвч хангайн шувуудын жиргээ ч
Өнө мөнхийн гэрэл болсон таны минь
Өнгөт орчлонд хадаасан уянгыг яаж гүйцэхэв дээ
Тэнгэрт дүүлсэн уулсынхаа оройг харж
Тэнгэрлэг Монголын минь шүтээн гэлээ ч
Тэнүүн орчлонд дуугаан хадаах заяа хайрласан
Тунгалаг ариун ээжээс минь илүү шүтээн бидэнд үгүй

Босоо заяа хайрлан унагаж төрүүлсэн ээжийнхээ буяныг
Борхон зүрхний угаас дээдлэн хайрлаж явья,
Орчлонд бидэнд гэрэл түгээхийн эхлэл
Онцгой энэ өдөр тань төрсөн өдрийн мэнд хүргэе! ээж дээ  


Тийм ээ ээжээ хүү нь таньдаа хайртай. 

Нэгэн хормын бодрол . . .

Би гэдэг хүн өөрийгөө хөндлөнгөөс харлаа. Өдөр бүрийг өндийх завгүй ажилд нухлуулж өнгөрөөх, өглөө бүр яарч сандран ажилдаа ирэх, орой болоход түгжрэлд орон бухимдсаар өдөр хоног өнгөрсөөр л ... Өөрийгөө хурцлах, өөр хэн нэгнээс суралцах, өнгөлж зүлгэж ч амжихгүй явсаар нас минь явж байна.

Хааяахан бодолд дарагдах юм. Сэтгэлээр урсан гардаг байсан үгнүүд хүртэл эвлэж өгөхгүй... Бодоод байсан блогтоо бичлэг нэмээгүй их уджээ. Хааяаа сэтгэлээ уудлан дотооддоо байгаа бүхнээ ил гарган хэн нэгэнтэй хуваалцахад минь энэхүү блог минь тусалдаг сан. Туслалцаа ч авахаа марсан байна би гэж хүн.

Өнөөдөр шинэ долоо хоногийн эхний өдөр, Фэйсбоокдээ өглөө бүрийг инээмсэглэн угтаарай гэсэн статус үлдээлээ. Нилээн хэдэн хүн Лайк хийсэн байх юм. Өглөө бүрийг инээмсэглэн угтвал тэр өдөртөө л инээмсэглэн ажил бүтэмжтэй, амьдрал гэрэлтэй сайхан өнгөрөх шиг санагддаг юм. Энэ бодитой байхаа би итгэсэн.

Инээмсэглэл гэдэг хүнд сайхан мэдрэмж төрүүлдэг, хүнээс сайхан илч өгдөг. Инээмсэглэж буй хүнд стресс бухимдал гэж үгүй. Та өдөр бүрийг, өглөө бүхнийг инээмсэглэн угтаарай, хэн нэгэнлүү чинь сэтгэлээсээ инээмсэглэж байгаарай.

Инээмсэглэлээ гэж...