Дэлхийн хамгийн том аквариум - Жоржиа Аквариум

Wednesday, August 19, 2009
“Georgia aquarium” нь дэлхийн хамгийн том аквариум бөгөөд 2005 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийжээ. Уг аквариумыг нээгдсэнээс хойш 98 хоногийн дараа 1 сая дахь үзэгч уг аквариумыг үзсэн гэсэн сонирхолтой баримт байх юм. Уг аквариумыг бий болгосон түүх гэвэл их сонин юм билээ. Анх "Home Depot” гэдэг барилгын болон гэр ахуйн аварга маш том сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч Бернард Маркус гэгч баян эр Монтеррей Бэй хэмээх аквариумд 60 насныхаа ойн зоог барьж суухдаа энэ санааг олжээ. Тэгээд Бернард болон түүний эхнэр Билли нар дэлхийн 13 орны 57 аквариумд зочилж туршлага судалсны дараагаар “Georgia aquarium”-ийг ямар шийдэлтэйгээр, ямар дизайнтайгаар барихаа шийдсэн байна. Уг аквариумыг барихад Бернарл Маркус 250 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.

“Georgia Aquarium”-ийг үзэхэд том хүн 26 доллар төлдөг бөгөөд зургийн аппарат, камер авч ороход асуудалгүйгээр барахгүй тусгай мэргэжлийн зурагчин ороход таны зургийг аваад гарахад чинь мэргэжлийн түвшинд авсан зураг бэлэн байх болно. Та үүнд ердөө 20 доллар л төлнө.

Энэ аквариум нь нийтдээ 30,6 сая литр далайн болон цэнгэг устай бөгөөд 100 000-120 000 орчим, 500 орчим нэр төрөл, зүйл ангийн усны амьтан байдаг гэнэ. Аварга том Whale shark, Beluga Whale энд бий. Эхнийх нь аварга загасны нэг төрөл. Энэ аварга амьтан халим болон аварга загасны аль аль шинжийг авсан болохоор ийм нэртэй болсон байхаа. Урт нь аквариумд байгаа нь 4-5 метр орчим , далайд бол 20 хүртэл метр урттай нь ч байдаг гэсэн. Хоёр дахь нь хойд мөсөн далайн орчмоор амьдардаг нэгэн зүйлийн халим. Цагаан халим ч гэж нэрлэдэг юм билээ. Бас л 5 метр орчим хүрдэг, 1300 кг жинтэй гэсэн шүү.

Мөн “Hammerhead shark” буюу алхан толгойтой аварга загасны нэг төрөл их сонин содон харагдсан. Далайн морь, далайн од, далайн арслан, оцон шувуу, халиу, минж гээд л.


0 comments: