Үнэ цэнэ

Sunday, September 6, 2009
Би юмыг маш их бодож бас эргэцүүлдэг хэрнээ огтхон ч цаасан дээр буулгаж байгаагүй байх юм. Энэ хорвоод би амьдарч л явна, амьдарсаар л өдий хүрсэн ч надад бодож, ойлгож, ухаарах зүйл зөндөө байх юм. Би өчигдөр интернэтээр тэнэж яваад нэгэн бичлэг олж уншлаа. Түүн дээр амьдралын үнэ цэнийн талаар бичсэн байсан. Амьдралын үнэ цэнэ... Гудамжинд гиеүрэн алхаж байхдаа энэ талаар бодож үзлээ. Гудамжаар ийш тийш хөлхөлдөн явах хүмүүсийг удаанаар ажиглаж суухдаа тэдгээр хүмүүс ямар нэгэн зүйлсийн төлөө энэ ертөнцөд тоос хөдөлгөн, юуны төлөө амьдарч байгаа талаар би бодлоо. Магадгүй идэх хоол, өмсөх хувцас, баярлах, хөөрөх мэдрэмж ч байж болох, зарим нэгэнд нь мөнгө хэрэгтэй, зарим нэгэнд нь үр хүүхэд, хань ижил хэрэгтэй, заримд нь сайхан гэр бүл, аз жаргал, үнэтэй машин, сайхан байшин юу эсийг тоолж барахав.

Тэднийг удаанаар ажиглан харвал бие биетэйгээ огтхон ч адилгүй. Тэд өөр өөрөөр инээж, тэд өөр өөрөөр алхах юм. Тэд өөр өөр хувцас өмсөж, өөр өөрийн гэсэн амьдралын төлөө явж байх шиг. Тэдний хувьд амьдралын үнэ цэнэ гэж юу юм бол гэсэн бодол миний толгойд эргэлдээстэй. Амьдрал гэдэг өөрөө маш баялаг гэж би боддийн. Харин тэр амьдралын их далайд сэлж явахдаа миний бие өөрийнхөө баялагийг олж авна гэдэг маань амьдралын үнэ цэнэ байх.

Би яг энэ мөчид эхнэр хүүхдүүдээ маш их санаж байна. Тэднийгээ хайрламаар бас эрхлүүлмээр, тэвэрмээр, хармаар байна. Тэдэнтэйгээ хамтдаа байхдаа би ямар их аз жаргалтай байснаа тэднээсээ холдсон хойноо л илүүтэй мэдэрлээ. Би эхнэрээ надад наалдан эрхэлж байгаа, хүүгээ сахилгагүйтэн энэ тэрүүгээр нэг орилон гүйж байгааг, охиноо ээжийнхээ мөөмнөөс тас зуурцан ход ход хэмээн инээж байгааг нь санаж үхэхнээ. Эд нар минь л миний амьдралын үнэ цэнэ. Намайг гэх хэн нэгэн миний амьдралд амьдарч, миний гэх хэн нэгэн миний ертөнцөд оршин байгаа цагт би утга учиртай байх болно. Би юуны төлөө хэрхэн амьдарч байгаагаа мэдэж байх нь миний амьдралын үнэ цэнэ. Миний амьдралын үнэ цэнэ, миний амьдралын утга учир.

0 comments: