Гэгээн алсад одохсон

Monday, September 7, 2009
Хөгжмийн зохиолч Шарав гуайн энэ аялгууд сонсохоор би нэг л бодлогширонгуй болчихдог, нэг л тайван их сайхан мэдрэмж төрдөг юм. Тэрээр энэ хөгжмөө зохиохдоо юу бодож байсныг мэдэхгүй ч магадгүй тэнгэрээр нисэж байсан байх түүний сэтгэл. Хөвөн хөвөн нисэхдээ тэрээр хүний амьдралын аз жаргалтай мөч бүхнийг мэдэрч, харж, биширч явсан байх. Хязгааргүй уудамд тэмүүлэх хүний их сэтгэлийн аялгуу нэг л намуухан зөөлөн урсгал мэт сэтгэлд чимэг нэмэн эгшиглэх нь юутай гайхалтай.

Хүсэл мөрөөдөл гэгээхэн, бас даруухан. Үүнийг сонссон хүмүүн зүрхээ чагнан сэтгэлээс гарах тэр уран яруу аялгуунд хөгжиж дотоод сэтгэлийн гэгээрлийг мэдрэх агшинд өөрийн амьдрал тохиолдох гэгээхэн бүхнийг эргэцүүлэн бодож бас түүнээс аз жаргалын сайхан мэдрэмжийг мэдрэх шиг болдог. Хөгжим яагаад ийм утга уянга төгс хүний сэтгэлийн илэрхийлэл болдогийг сайн мэдэхгүй ч хүмүүний дотоод сэтгэлээс урган гардаг болохоор тэр биз.

Аавдаа үнсүүлэн алсыг зорьсон минь, ээжийнхээ цагаан сүүнийхээ дээжийг өргөн хүүгээ алсад үдэх гэгээхэн дүр зураг ч харагдах шиг. Би энэ аяыг сонсохоор амьдралын их замд хөл тавихаас эхлэн өнөөг хүртэл явж ирэхэд болж өнгөрсөн гэгээхэн бас аз жаргалтай дурсамжуудаа уудлан уудлан эргүүлэн санадаг юм. Би гэгээн алсад одохсон нэг л тайван, нэг л намуухан, нэг л сайхан. Хөдөөгийн халтар жаахан банди шилбүүр унан гүйж, модоор машин хийж чирчихээд өдөржин шороон дээр өнхрөн наадаж, хүний өөрийнгүй нийлэн сахилгагүйтэн аав ээжийнхээ алган боовийг бишгүйдээ авсаж байсан бага насаа санахад юутай сайхан. Цаг хугацаа гэдэг өнгөрөх тусам туулсан амьдрал минь дурсамж болон үлдэх юмдаа. Гэгээн алсад байгаа юм бүхэн нэг л сэтгэлд ойрхон бас бүдэгхэн, хөнгөн уйтгар, жаахан сэтгэл хөдлөл, энэ бүхэн хүний сэтгэлийн гүнээс урган гарах гэгээхэн аялгуу. Тийм ээ алслан алслан одох миний амьдралд гэгээхэн, сайхан дурсамжууд дүүрэн...

1 comments:

Anonymous said...

wegenerous.blogspot.com-с дахин сонсоорой.