Мөрөөдөл ба амьдрал

Friday, December 18, 2009
Хорвоо дэлхий ногоон өнгөөр биеэ чимж, цэцэгс алгалсан цэлгэр талын уудамд саглайн ургасан том мод... Тэр модны дор хүрэн дээвэр бүхий эвлэгхээн хийцтэй цагаан өнгийн дүнзэн байшин... Том модны бүдүүн мөчрөөс олсоор дүүжлэн суулгасан модон савлуур сандал...  Тэр савлуурын сандал нь тухтай, хосоороо суухад яг тохирно...

Нар алгуурхан доошилж тэнгэрийн хаяатай нийлэн том улаан галт бөмбөлөг газар дэлхийг дулаан илчээрээ гийгүүлэн алгуур доошилно. Хөнгөн гуниг... жаахан уйтгар мэдрүүлэх мэт... Савлуур сандал дээр нэгэн залуу... Тэр тэнгэрийн хаяа, шингэж буй нарыг ширтэн гэгээн мөрөөдөлд дунд алсын алсад байх мэт... Түүний дэргэд нэгэн бүсгүй... залуугынхаа гарыг тэврэн мөрийг нь налан чимээгүй .... Эргэн тойронд анир чимээгүй хэрнээ, хааяа нэг шувуудын жиргэх, усны шуугих чимээ... Холгүйхэн шоржигонон урсах тунгалаг горхи...

Мөрөөдөл... энэ үгэнд орших мэдрэмжийг та хэрхэн мэдэрдэг вэ ? Амьдрал ... энэ үгэнд агуулагдах учрыг та юу гэж ойлгодог вэ ? Энэ нэгэн залуу холын хол, алсын алсад мөрөөдөл дунд... Тэрээр өөрийнхөө тухай, хайрынхаа тухай, ирээдүйн амьдралын тухайн мөрөөдөн томоос том харагдах  нарны цацрагт шингээж тэрхүү мөрөөдлөө газар буулгаж суугаа байх...

Хүн ер нь мөрөөдлөөр амьдарч өдөр бүрийг утга учраар чимдэг бизээ. Мөрөөдөл гэдэг хязгааргүй орон зай, цаг хугацаанд цогцлон бий болсон амьдрал, түүнээс урган гарах мэдрэмжүүд амьдралын утга учрын илэрхийлэл гэж би боддийн. Мөрөөдөл хэдий тэр бүр биелэдэггүй гэж та бодож байгаа байж болох юм. Гэхдээ мөрөөдсөнөөр мэдэрсэн тэр мэдрэмж таны амьдралын утга учрыг өөртөө шингээх түлхүүр, шигтгээ болдог байх. Хүн өөрийгөө хорилгүйгээр чөлөөтэй, цаг хугацаа, орон зайг үл мэдрэн мөрөөдөж, түүндээ итгэн өөртөө тэр мэдрэмжүүдийг шингээж байх нь чухал.

Бүсгүй... та бүсгүйг юу бодож юу мэдэрч байсан бол гэж бодож байна. Миний хувьд хөөрхөн өхөөрдөм бяцхан хүү аав ээжийгээ инээлгэн хажууханд тоглон чанга чанга хөхрөн инээх дуугаар ертөнцийн чихийг мялаан хөгжилдөн тоглож буй дүр зураг төсөөлөгдөж болох... Тийм ээ амьдрал гэдэг баялаг, хүүхэд гэдэг амьдралд гэгээ оруулж, өрх татдаг нэгэн шидэт увидас, бас нэгэн утга учир... Тэр хайрын дундаас төрсөн болохоор ямар сайхан гээч... Гэнэн цагаахан тэр инээмсэглэл, аз жаргал мэдрүүлэм тэр амьтаны ааш зан, үйл хөдлөл гээд л бүх зүйл амьдралын чимэг, шигтгээ, амт.

Залуу хайр цацруулсан хөөрхөн нүдрүү нь харан инээмсэглээд бүсгүйнхээ духан дээр нь үнэрлээд түүнийхээ мөрөөр тэврэн өөртөө улам чанга наан хоёулаа гараа чанга атгалцан дахин шингэж буй нарны зүг харлаа. Цэлгэр ногоон талд том улаан наран алгуурхан доошилж шингэх нь юутай гайхалтай агшин... Амьдралын нэгээхэн агшинд түүнээс урган гарах утга учраас төрөх мэдрэмжээр шигтгээ хийн нар жаргахыг харах .... ГАЙХАЛТАЙ

МАРГААШ ӨГЛӨӨ МАНДАХ НАР ЯМАР ГОЁ БОЛОХЫГ ТӨСӨӨЛӨХ ....аж жаргалтай инээмсэглэл


Edit HTML

Миний зургийн цомог III

Saturday, November 21, 2009

Монгол орон "Толбо нуур" Баян-Өлгий аймаг, Толбо сум


Монгол орон "Говь тэмээ хоёр" Ховд аймаг, Манхан сум



Монгол орон "Цамбагарав уул" Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум


Монгол орон "Буган чулуун хөшөө" Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум



Монгол орон "Хар элс" Увс аймаг, Бөхмөрөн сум

Монгол хэлний сурах бичиг

Энэхүү ном нь англи хэлтнүүдэд зориулсан Монгол хэлний сурах бичиг бөгөөд Cambridge-ийн их сургуулийн профессор John Gaunt болон Л.Баянмандах, Л.Чулуунбаатар нар уг сурах бичгийг гаргажээ. Өөрийн төрлөх хэлийг бусад хэлний тайлбартайгаар харахад сонин байсан тул та бүхэнд Google book-ээс үзэх хувилбараар нь хүргэж байна.

Миний зургийн цомог II

Friday, November 13, 2009
Байгаль дахь ургамал, амьтад






















Миний зургийн цомог I

Би зураг сонирхоод удаагүй л дээ. Урьд нь хүний авсан гайхалтай сайхан зургуудийг үзэж хоббигоо болгодог байсан бол сүүлийн үед өөрөө авдаг хоббитой болоод байгаа юм. Тиймээс л та бүхэндээ өөрийн авсан зургуудаа бага гэлтгүй харуулая гэсийн байх.

Блогоо ч гэсэн баяжуулъя гэж бодсийн.

Вашигтон ДС хот дахь нэгэн цэцэрлэгч хүрээлэнд авсан зураг







Мөрөөдөлд хүрэх зам /Теодор Рузвелтийн дурсгалын цогцолбор явах замд/






Хөгжим ба дотоод сэтгэл

Хөгжим гэж хүний дотоод сэтгэлийн уянга, хөг эгшиг байх, хүн хөгжмөөр өөрийн сэтгэлийн илэрхийллийг гадагшлуулж бусдад бодрол, ухаарал, уярал хайрлах гэж зохиосон гэж би мунхаг оюун ухаандаа эргэцүүлэн бодно. Би өөрөө хөгжим зохиодоггүй ч сонсдог, би хөгжмийг сонсохдоо дотоод сэтгэлдээ ургуулан шингээж сонсдог, нэг л тайван, нэг л намуухан гэгээн бас хязгааргүй эрх чөлөөг олж мэдэрдэг, бас сонсдог.

Хөгжим бүхэн олон янз, энэ нь магадгүй хүний дотоод ертөнц олон янзаар эргэлдэн гадагшилж байгаатай утга нэгэн буйнх биз. Заримдаа уйтгар дуудан гиюүрэн, элдэвийг эргэцүүлэхдээ би намуухан аялгууг сонголтоо болгодог бол, өөрт байгаа стресс, алжаал ядаргаагаа хөөн зайлуулах гэж чанга, хатуу хөгжмийг ч сонсдог.

Зарим нэгэн нь өөрийн үзэл бодлоо сонсож буй хөгжмөөрөө илэрхийлэн гаргаж байдаг бол өөр хэн нэгэн нь дотоод ертөнцөө таниж мэдэх гэж хөгжим сонсож суудагийн байх. Тэгэхээр хөгжим гэдэг энэ агуу зүйл хүний ертөнцийн салшгүй нэгэн хэсэг байж, хүнийг дотоод сэтгэлийн мөн чанарыг илэрхийлэн өнөөг хүртэл бидэнтэй хамтдаа амьдран, хөгжиж ирсэн гэдэгтээ уншигч авхай та санал нийлэхийн байх. хөгшин ч бай, залуу ч бай та хөгжим сонсдог гэдэгт би эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл хөгжим таны амьдралын тань л нэгээхэн хэсэг.

Хөгжим өөрөө энгийн бас гайхалтай, та сонсоод л нүдээ ань мэдрэх болноо.

Image Hosted by ImageShack.us

Би чамд хайртай 2

Sunday, November 1, 2009
Яагаад ч юм "Би чамд хайртай" гэдэг энэүү киног үзэхээр нэг л сэтгэлд сайхан санагддаг юм. Сэтгэлд хоногшсон кино гэдэг . . . Хоёрдугаар ангийг үзсэний дараагаар өөрийн эрхгүй нэгдүгээр ангийг нь үзмээр санагдаад үзсэн чинь бодит амьралын нэгэн утас тасралтгүй хөвөрсөөр байгаа мэт санагдсаныг нуух юун. Эхний анги дээрээ Дэлгэр гэдэг тэр залуугийн хайр сэтгэл ямар агуу байсныг би огт ойлгодоггүй байж.

Энэхүү киноны хоёрдугаар анги нь элдэв шүүмжлэл дагуулан үзэгчиддээ хүрсэн ч хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн гэдэгт би итгэлтэй байна. Тэр нэгэн залуугийн хайр ямар үнэ цэнэтэй тийм сайхан хайр байсныг ойлгуулах гэсэн мэт энэхү киноны утга агуулга надад ихэд таалагдсаныг нуух юун. Хэдий зарим нэгэн хэсэг жаахан сэтгэлд хүрээгүй ч гэсэн цаг хугацаа туулж ирсэн хайр ямар байдгийг, юунд хүргэдгийг бидэнд хэлэх шиг... Киноны талаар элдэв шүүмж хэлэхийг хүссэнгүй, харин агуу хайрын түүх цаг хугацааг туулан бидний үед ирэхдээ хэрхэн өрнөсөн нь амттай бас сонирхолтой байлаа.

Хамгийн сайхан нь Дамчаа агсны гэгээн үр энэ кинонд үүр мөнхөрч үлдсэн нь сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд энэ агуу хүн, монголын кино урлагт өөрийн гэсэн орон зайтай дурсагдах алдар, дуудуулах эрхэм нэртэй гайхалтай жүжигтэн юм гэдгээ дахин харуулаад хорвоогоос халисанд гүнээ эмэгнэж байна. Таны гэгээн дүрийг мөнхөд санаж явах болноо ард түмэн чинь.

Image Hosted by ImageShack.us


Image Hosted by ImageShack.us

Хүн ба амьдрал

Thursday, September 24, 2009
Эрхэм таньтай энэ бичлэгээрээ уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр би интернэтээр тэнэж байгаад өөрийнхөө байнга ордог нэг сайтан дээр дараахь хоёр бичлэг тавигдсан байхыг олж үзээд өөрийн блог дээрээ тавихаар шийдлээ.

Яагаад ч юм энэ зохиомжилсон бичлэг надад их таалагдсан юм. Хүн та утга учиртай амьдарна гэдэг юу болох талаар бодож үзсэн үү, бид юуны төлөө амьдарч байгаа юм, амьдралын утга учир, хүн байхын мөн чанарыг хөөрхөн харуулчихсан санагдлаа. Нээрээ бодоод байхад бид жаахан анзааргагүй зүйл дээр л алдаа гаргаж, хэн нэгнийг гомдоож, бас өөрийнхөө ч, өрөөлийн ч аз жаргалыг үгүй хийх нь хүмүүний амьдралд элбэг байх юм.

Нэгэн бичлэг дээрээр уншиж байсан "Хүн амьдархын тулд иддэг үү, Идэхийн тулд амьдардаг уу" гэсэн асуултанд хэн нэгэн ингэж хариулсан байсан. "Бид бүхэн биеэнд муу гэдгийг нь мэдсээр байж дуртай юмаа авч иддэг байдлаас харвал Идэхийн тулд амьдарч байгаа юм шиг, харин биеэнд сайн гэдгийг нь мэддэг гэхдээ дургуй байсан ч авч идэж байгаа бол та амьдрахын тулд иддэг болж таарах нь ...." гэсэн нэгэн залуугийн хариулт байна. Хэ хэ хэ.

Та бүхэн юу гэж бодож байна. Миний бодлоор бол Хүн юуны төлөө амьдрах ёстой вэ? гэсэн асуултийг эхлээд тавимаар санагдаад байдаг юм. Харин уг асуултанд "Ямар нэгэн утга учиртай зүйлд тэмүүлж, түүнд хүрэхийн тулд л амьдарна гэж хариулна. Утга учиртай зүйлд хүрэхийн тулд хүнд хэрэгцээ шаардлага, амин тэжээл, хөдөлгөгч хүч хэрэгтэй, тэр бүхнээ хүн хөдлөх бүрдээ бий болгож байдаг байх. Харин идэх бол утга учрын илэрхийлэл биш гэж бодож байна. Тиймээс л хүн утга учир хэмээгч бодит бус ч гэсэн бодитой байдаг зүйлийг бий болгож түүгээрээ амьдарч байгаа гэж боддог.

За за олон зүйл нуршилгүй нөгөө 2 бичлэгээ тавилаа. та үзээд нэгийг бодно гэдэгт итгэлтэй байна.





Миний бодрол

Tuesday, September 8, 2009
Өнөөдөр амраад би хийх юмгүй л гиеүрэн сууна. Уул нь ч хийх юм бий л дээ. Англи хэл сурна гэдэг нэг том ажил байгаа ч заримдаа залхуу хүрээд хиймээргүй санагдаад байх юм. Тэгээд л үүнийг бичиж байна. Хоол хийхээс залхууран бэлэн гоймон идээд л суужина даа. Би ер нь их залхуу хүн. Амралтын өдрөөр зүгээр л, зүгээр л баймаар байдгийн. Тэгээд интернэтээр элдэв дээдийн зүйл сонирхож уншиж яваад нэг чухал өгүүлбэр олж уншсандаа их урамшиж энд бичихээр шийдэв. 

"Нэг хаалга хаагдахад дараагийнх нь онгойдог. Гэвч бид хаагдсан хаалгаа л гунигтайгаар удаан харсаар шинээр нээгдсэн хаалгаа олж хардаггүй." гэсэн энэ мэргэн сургаалийг бодохоор л үнэн. Хүн, хүн өдөр бүр янз бүрийн л хаалгаар орж гарч байдаг. Хүмүүсийн амьдралд өдөр бүр сонголт байдаг бөгөөд сонголт бүр нэг хаалганд байдаг. Та ямар хаалгийг сонгож орно шинэ бүхэн чиний эргэн тойронд өрнөнө гээд боддоо. Хүн амьдралд алддаг үе зөндөө байдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Харин алдах бүр таны өмнө нэг хаалга хаагдаж байдаг бол алдаагаа засаа гээд дахин нэг хаалга шинээр хаа нэгтэй нээгдэж байдаг гэсэн ойлглт юмуу даа. Та тэр хаалгийг олоод гараад явчуул харанхуй дунд хаачихаа мэдэхгүй төөрөхгүй гэрэл гэгээ өөд итгэл төгс алхана гэж боджийно.


Гэрээ санахуй

Оройжин сууж өглөө болохыг хүлээнэ гэдэг яасан удаан юм. Гэрийнхэнтэй ярих гэж, тэднийгээ харах гэж хүлээж суухдаа юу эсийг хийхэв. Шинээр блог нээж хөтөлж байна, дарсан зургуудаа харж хааяа баясан суух би гэдэг хүн гэрээ санасан бололтой. Миний зураг дардаг гэж юу байхав. Гэсэн хэдий ч би зураг дарах дуртайг хэлэх үү өөрөө ч мэдэхгүй өөрийнхөө дарсан гэрэл зургуудийг хараад суухнэээ өөрөөсөө ухаарал олох шиг болдогийг хэлээд яахав.

Төд удалгүй гэрийнхэн маань ороод ирлээ. Хүү маань дуу нь чангараастай ааваа ааваа та байна уу гээд л хашхирах нь холгүй дуутай шуутайхан орж ирлээ шүү. Тэднийгээ ийн хөөрцөглөн орж ирэхэд сэтгэл хөдлөөд өөрийн эрхгүй харимаар болох юм. Хүү маань их том болжээ. Цэцэрлэгтээ орчихсон анги нь маш их таалагдаж байгаа гэнэ. Тэгтэл хүү минь ааваа би одоогоор найзтай болоогүй байгаа, тэгэхдээ манай анги аавын ажилтай ойрхон ш дээ. Би таньтай хамт цэцэрлэгрүүгээ явмаар л байна хэмээн надтай ярих хүүгээ хараад хүүтэйгээ хөтлөлцөн өглөөд хамт ажилдаа явах тэр сайхан дүр зургийг сэтгэлдээ буулган хүүгээ улам ч ихээр санав.

Харин охин маань бүүр ч том болчихсон "Аабаа" гэж хэлж чадаж байгааг нь сонсоод миний сэтгэл улам бүр хөдлөөд явчив. Миний охин бас ганцаараа зогсож чаддаг болсон, юм түшээд л явж чаддаг болсон байх юм. Намайг тэднийгээ орхиод гарахад дөнгөж л сууж эхэлж байсан охиноо хараад би ийм сайхан хүүхдүүд төрүүлж өгсөн эхнэртэй улам хайр хүрч түүнийгээ эрхлүүлмээр, энхрийлмээр, тэвэрмээр, үнсмээр хайртай гэж чангаар хэлмээр санагдсаныг нуух юун. Миний эхнэр үнэхээр сайхан бүсгүй, тэр гэр бүлээ гэсэн ганцхан хүсэл зорилготой, гэгээхэн, эмзэгхэн эгэл жирийн хайр татам бүсгүй. Анх би ажилд орчихоод хоёрхон хонож байхад нэг годгонсон жаахан охин шинээр ажилд орлоо. Тэр миний хажууд суугаад юм хийнэ. Би бас ч гэж ороод хоёр хонож байгаа юм гэсэн дээ түүнд ингэдэг юм, тэгдэг юм гээд л хичээл зааж байснаа санадаг юм. Тэр үед эхнэрийгээ миний насны хань болно гэдэгт зүүдлээгүй явжээ би. Одоо ч гэсэн эхнэрийн минь яг тэр өдөр инээмсэглээд зогсож байсан дүр зураг надад тодхон санагддаг. Тэр агшинд надад хайр ирсэн юм болов уу, ямар ч байсан би эхнэртээ ямар их хайртайгаа мэдэрч суух сайхан байна. Тэднийхээ шуугилдан байгааг харж сонсож суухад би өөрийгөө мэдэрдэг, тиймдээ ч амьдралд дурладаг.

Хүн сайхан ханьтай байна гэдэг, хайр татсан өхөөрдөм хөөрхөн үртэй байна гэдэг амьдралын аз жаргал, тийм ээ энэ л утга учир, харин тэдэнтэйгээ өнгөрөөх цаг хугацаа бүхэн ямар үнэ цэнэтэй гэдгийг би одоо л ухаарч тэдэнрүүгээ яарах сэтгэл намайг эзэмдэнэ.

Гэгээн алсад одохсон

Monday, September 7, 2009
Хөгжмийн зохиолч Шарав гуайн энэ аялгууд сонсохоор би нэг л бодлогширонгуй болчихдог, нэг л тайван их сайхан мэдрэмж төрдөг юм. Тэрээр энэ хөгжмөө зохиохдоо юу бодож байсныг мэдэхгүй ч магадгүй тэнгэрээр нисэж байсан байх түүний сэтгэл. Хөвөн хөвөн нисэхдээ тэрээр хүний амьдралын аз жаргалтай мөч бүхнийг мэдэрч, харж, биширч явсан байх. Хязгааргүй уудамд тэмүүлэх хүний их сэтгэлийн аялгуу нэг л намуухан зөөлөн урсгал мэт сэтгэлд чимэг нэмэн эгшиглэх нь юутай гайхалтай.

Хүсэл мөрөөдөл гэгээхэн, бас даруухан. Үүнийг сонссон хүмүүн зүрхээ чагнан сэтгэлээс гарах тэр уран яруу аялгуунд хөгжиж дотоод сэтгэлийн гэгээрлийг мэдрэх агшинд өөрийн амьдрал тохиолдох гэгээхэн бүхнийг эргэцүүлэн бодож бас түүнээс аз жаргалын сайхан мэдрэмжийг мэдрэх шиг болдог. Хөгжим яагаад ийм утга уянга төгс хүний сэтгэлийн илэрхийлэл болдогийг сайн мэдэхгүй ч хүмүүний дотоод сэтгэлээс урган гардаг болохоор тэр биз.

Аавдаа үнсүүлэн алсыг зорьсон минь, ээжийнхээ цагаан сүүнийхээ дээжийг өргөн хүүгээ алсад үдэх гэгээхэн дүр зураг ч харагдах шиг. Би энэ аяыг сонсохоор амьдралын их замд хөл тавихаас эхлэн өнөөг хүртэл явж ирэхэд болж өнгөрсөн гэгээхэн бас аз жаргалтай дурсамжуудаа уудлан уудлан эргүүлэн санадаг юм. Би гэгээн алсад одохсон нэг л тайван, нэг л намуухан, нэг л сайхан. Хөдөөгийн халтар жаахан банди шилбүүр унан гүйж, модоор машин хийж чирчихээд өдөржин шороон дээр өнхрөн наадаж, хүний өөрийнгүй нийлэн сахилгагүйтэн аав ээжийнхээ алган боовийг бишгүйдээ авсаж байсан бага насаа санахад юутай сайхан. Цаг хугацаа гэдэг өнгөрөх тусам туулсан амьдрал минь дурсамж болон үлдэх юмдаа. Гэгээн алсад байгаа юм бүхэн нэг л сэтгэлд ойрхон бас бүдэгхэн, хөнгөн уйтгар, жаахан сэтгэл хөдлөл, энэ бүхэн хүний сэтгэлийн гүнээс урган гарах гэгээхэн аялгуу. Тийм ээ алслан алслан одох миний амьдралд гэгээхэн, сайхан дурсамжууд дүүрэн...

Үнэ цэнэ

Sunday, September 6, 2009
Би юмыг маш их бодож бас эргэцүүлдэг хэрнээ огтхон ч цаасан дээр буулгаж байгаагүй байх юм. Энэ хорвоод би амьдарч л явна, амьдарсаар л өдий хүрсэн ч надад бодож, ойлгож, ухаарах зүйл зөндөө байх юм. Би өчигдөр интернэтээр тэнэж яваад нэгэн бичлэг олж уншлаа. Түүн дээр амьдралын үнэ цэнийн талаар бичсэн байсан. Амьдралын үнэ цэнэ... Гудамжинд гиеүрэн алхаж байхдаа энэ талаар бодож үзлээ. Гудамжаар ийш тийш хөлхөлдөн явах хүмүүсийг удаанаар ажиглаж суухдаа тэдгээр хүмүүс ямар нэгэн зүйлсийн төлөө энэ ертөнцөд тоос хөдөлгөн, юуны төлөө амьдарч байгаа талаар би бодлоо. Магадгүй идэх хоол, өмсөх хувцас, баярлах, хөөрөх мэдрэмж ч байж болох, зарим нэгэнд нь мөнгө хэрэгтэй, зарим нэгэнд нь үр хүүхэд, хань ижил хэрэгтэй, заримд нь сайхан гэр бүл, аз жаргал, үнэтэй машин, сайхан байшин юу эсийг тоолж барахав.

Тэднийг удаанаар ажиглан харвал бие биетэйгээ огтхон ч адилгүй. Тэд өөр өөрөөр инээж, тэд өөр өөрөөр алхах юм. Тэд өөр өөр хувцас өмсөж, өөр өөрийн гэсэн амьдралын төлөө явж байх шиг. Тэдний хувьд амьдралын үнэ цэнэ гэж юу юм бол гэсэн бодол миний толгойд эргэлдээстэй. Амьдрал гэдэг өөрөө маш баялаг гэж би боддийн. Харин тэр амьдралын их далайд сэлж явахдаа миний бие өөрийнхөө баялагийг олж авна гэдэг маань амьдралын үнэ цэнэ байх.

Би яг энэ мөчид эхнэр хүүхдүүдээ маш их санаж байна. Тэднийгээ хайрламаар бас эрхлүүлмээр, тэвэрмээр, хармаар байна. Тэдэнтэйгээ хамтдаа байхдаа би ямар их аз жаргалтай байснаа тэднээсээ холдсон хойноо л илүүтэй мэдэрлээ. Би эхнэрээ надад наалдан эрхэлж байгаа, хүүгээ сахилгагүйтэн энэ тэрүүгээр нэг орилон гүйж байгааг, охиноо ээжийнхээ мөөмнөөс тас зуурцан ход ход хэмээн инээж байгааг нь санаж үхэхнээ. Эд нар минь л миний амьдралын үнэ цэнэ. Намайг гэх хэн нэгэн миний амьдралд амьдарч, миний гэх хэн нэгэн миний ертөнцөд оршин байгаа цагт би утга учиртай байх болно. Би юуны төлөө хэрхэн амьдарч байгаагаа мэдэж байх нь миний амьдралын үнэ цэнэ. Миний амьдралын үнэ цэнэ, миний амьдралын утга учир.

Гена матар, Чебурашка хоёроо эргэн санахуй.

Thursday, September 3, 2009
Намайг хүүхэд байхад минь энэ хоёр миний дуртай хүүхэлдэйн киноны баатрууд байлаа. Одоо эргээд санахаар сайхан санагдаж байна шүү. Би нэгэн хүний блогийг уншиж байгаад энэ 2 баатрын талаар эргэн дурссан юм. Тэгээд тэр хоёрын өөрийн адил эргэн санаасай гэсэн үүднээс блогтоо дууг нь тавьлаа.

Тэр 2 баатрын талаар нэгэн онигоог бас та бүхэндээ хүргэж байна.

Чебурашка кино үзэх дон тусчихжээ. Тэгээд мөнгө л олдвол кино үзчихээд байж гэнэ. Сүүлдээ аргаа барсан Гена түүнд мөнгө өгөхөө больжээ. Тэгсэн нэг өдөр Чебурашка хэлж байна гэнэ.
-Гена надад 5 төгрөг өгөөч.
-Яахнав?
-Кинотеатрт үнэн тасархай кино ирсэн гэнэ үздэг юмуу гээ л ...
-Байхгүй ээ. Чи ер нь намайг банк гэж бодоо юу.
-За за. Ганц найз маань ингэж байгаа бол би хэнд ч хэрэггүй юм байна л даа. Амьд яваад ч яахав дээ.
-За за юун сүртэйн. Хүн тоглож байхад... Май энэ 5 төгрөг. Харин дахиж өгөхгүй шүү.

Ингээд зорьсондоо хүрсэн Чебурашка ч кинондоо явж, Гена матар түүнийг хүлээж байгаад тэсэлгүй унтаад өгчээ. Гэтэл шөнө дунд гэнэт өвөрт нь нэг юм ороод ирж гэнэ. Гена айгаад:

-Хэн бэ?
-Чемануэль байна.

Хэд хоногийн дараа дахиад л Чебурашка хэлж байна гэнэ.
-Гена, надад 5 төгрөг өгөөч.
-Яахнав?
-Кинотеатрт үнэн тасархай кино ирсэн гэнэ. Үздэг юм уу гээ л...
-Байхгүй, би ямар банк юм уу.
-За за. Ганц найз маань ингэж байгаа бол би хэнд ч хэрэггүй юм байна л даа. Амьд яваад ч яахав.
-За за, дандаа л ингэж байхын. ядаргаатай юм... Май энэ 5 цаас. Сүүлчийн удаа шүү.

Ингээд Чебурашка ч кинондоо явж, Гена матар түүнийг хүлээж байгаад бас л унтаад өгчээ. Гэтэл шөнө дунд гэнэтхэн хаалгыг нь эвдчих шахаад пижигнэтэл нь нүдэх чимээ гарч байна гэнэ. Гена айгаад:
-Хэн бэ?
-Чебурнатор байна.


Боди Арт уран бүтээлч Ким Жооны бүтээлүүд

Wednesday, August 19, 2009
Энэ зурагнууд надад их сонин мэдрэмж өглөө. Нэг л тод, нэг л хурц их дажгүй харагдаж байна. Хүн гэж өөрөө урлагийн бүтээл гэдгийг л мэдэрч байна. Хүний бие урлагийн бүтээл хэрхэн болсоныг харахад гайхалтай. Надад таалагдсан болохоор блогтоо оруулчихлаа.








Дэлхийн хамгийн том аквариум - Жоржиа Аквариум

“Georgia aquarium” нь дэлхийн хамгийн том аквариум бөгөөд 2005 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийжээ. Уг аквариумыг нээгдсэнээс хойш 98 хоногийн дараа 1 сая дахь үзэгч уг аквариумыг үзсэн гэсэн сонирхолтой баримт байх юм. Уг аквариумыг бий болгосон түүх гэвэл их сонин юм билээ. Анх "Home Depot” гэдэг барилгын болон гэр ахуйн аварга маш том сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч Бернард Маркус гэгч баян эр Монтеррей Бэй хэмээх аквариумд 60 насныхаа ойн зоог барьж суухдаа энэ санааг олжээ. Тэгээд Бернард болон түүний эхнэр Билли нар дэлхийн 13 орны 57 аквариумд зочилж туршлага судалсны дараагаар “Georgia aquarium”-ийг ямар шийдэлтэйгээр, ямар дизайнтайгаар барихаа шийдсэн байна. Уг аквариумыг барихад Бернарл Маркус 250 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.

“Georgia Aquarium”-ийг үзэхэд том хүн 26 доллар төлдөг бөгөөд зургийн аппарат, камер авч ороход асуудалгүйгээр барахгүй тусгай мэргэжлийн зурагчин ороход таны зургийг аваад гарахад чинь мэргэжлийн түвшинд авсан зураг бэлэн байх болно. Та үүнд ердөө 20 доллар л төлнө.

Энэ аквариум нь нийтдээ 30,6 сая литр далайн болон цэнгэг устай бөгөөд 100 000-120 000 орчим, 500 орчим нэр төрөл, зүйл ангийн усны амьтан байдаг гэнэ. Аварга том Whale shark, Beluga Whale энд бий. Эхнийх нь аварга загасны нэг төрөл. Энэ аварга амьтан халим болон аварга загасны аль аль шинжийг авсан болохоор ийм нэртэй болсон байхаа. Урт нь аквариумд байгаа нь 4-5 метр орчим , далайд бол 20 хүртэл метр урттай нь ч байдаг гэсэн. Хоёр дахь нь хойд мөсөн далайн орчмоор амьдардаг нэгэн зүйлийн халим. Цагаан халим ч гэж нэрлэдэг юм билээ. Бас л 5 метр орчим хүрдэг, 1300 кг жинтэй гэсэн шүү.

Мөн “Hammerhead shark” буюу алхан толгойтой аварга загасны нэг төрөл их сонин содон харагдсан. Далайн морь, далайн од, далайн арслан, оцон шувуу, халиу, минж гээд л.


Дэлхийн 2 дахь том аквариум - Oкинава аквариум

Японы Окинава арал дахь аврага аквариум Okinawa Churaumi Aquarium нь дэлхийн хамгийн том аквариумын 2 дахь нь юм байна. Энэ аквариум нь Мотобугийн Далайн Үзэсгэлэнгийн паркийн нэг хэсэг нь болж байгаа юм. Гайхамшигт далайн ертөнц нь үзэгчдийг 22,5 х 8,2 м, 60 см-ийн өргөнтэй шилэн хавтан зааглаж байдаг байна.


Kuroshio тэнгис - Дэлхийн 2 дахь том аквариум - (song is Please don't go by Barcelona) from on Vimeo.

Тэр амаараа цахилгаан гитар дуугаргаж байгаа нь үнэхээр гайхалтай

Monday, August 17, 2009

The Man is Playing Guitar with His Mouth - Awesome video clips here

Энэ үнэхээр гайхалтай. Твиттерээр тэнэж байгаад олж үзсэн юм. Хүний авъяас гэдэг янз бүр л байх юм даа. Ер нь хүнд чадахгүй зүйл гэж байдаггүй л бололтой. Энэ уураг тархийг ажиллуулж, хөгжүүлж чадвал би ч чадах . . .

Хүний нутагт оршин байсаар л ....

Гадаа нар мандсан хэдий ч тийм сайхан биш байх юм. Гадаа салхи салхилсан ч тийм ч сэрүүхэн биш юм. Энэ юуных вэ. Харь орны нар, салхи нь хүртэл миний эх орных шиг биш болохоор тэр ... Эх орны минь нар нь халуун ч надад таатай, салхи нь сэрүүхэн цээж дүүрдэг.

Монголоо санасан сэтгэл үүнийг үгүйлнэ. Хүний нутагт хөгжил дэвшил дунд амьдрах сайхан ч миний эх орон шиг байж чадахгүй болохоор л үүнийг бичиж сууна. Гадаадын улс орнуудад чадвартай, чадалтай олон олон аавын охид ээжийн хүү нар хар бор элдэв ажил хийн хэдэн бор төгрөгийн хойноос хөлсөө дуслуулан зүтгэж байх юм. Тэдэнд ч мөн адил эх орныхоо хээрийн сэрүүхэн салхийг цээж дүүрэн амьсгалах хүсэл байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэдгээр залуус маань монгол эх орондоо хэрэгтэй хүмүүс гэж би боддог юм. Яагаад гэвэл тэдний үзсэн дуулсан харсан, сурсан бүхэн нь эх орны минь ирээдүй, хөгжил дэвшилд хэрэгтэй. Монголын ирээдүй хойч үе, хөгжүүлэх гол цөм нь бидний залуучууд л байна.

Заримдаа бухимдах юм. Залуус маань эх орондоо эргэж очихгүй эндээ үлдэнэ гэхээр харуусах бас бухимдах сэтгэл төрөх юм. Тэд яагаад тэгж хэлэх болов. Эх орондоо очих хүсэл, тэмүүлэх сэтгэл нь яагаад байхгүй байгааг гайхаад ч барахгүй юм. Яагаад гэвэл эх орон нь өөрөө тэднийг урин дуудахгүй байна. Улс орныг минь удирдаж байгаа төрийн түшээд нь амин хувиа хичээгч эх орноо гэсэн сэтгэлгүй нэгэн байх. Ард иргэд нь зовж, тэдний нуруун дээр хүнд ачаа үүрэгджээ. Утаанаас өөр юмгүй Улаанбаатар минь хүртэл хоолой гашуун оргиулж байхад тэр ачааг очиж үүрэлцэн тийм орчин амьдрал сонирхол хүсэл энэ залууст алга. Тэдний сэтгэлийн гүнд эх орноо гэсэн бахархал, хүсэл тэмүүлэл байдаг ч тэрийг нь бадраах оч одоо ч гэсэн алга л байна. Эцэг өвгөдийн, эзэн Чингэсийн галтай цогтой халуун цус тэднээр, биднээр, надаар ч мөн адил гүйж л байгаа.

Бид монголоо хөдөлгөх, хөгжүүлэх залуус шүү дээ. Тйимээс бид эх орондоо харих хэрэгтэй.

Би гэртээ харина. Би эх орондоо хайртай. Би МОНГОЛ хүн.